Та төсөөл, бүгд биелнэ Орчин үеийн хүмүүсийн насжилтын түвшин хэвийн бус байгааг олон баримт нотолдог. Хүн 21-25 нас хүртлээ өсдөгөөс тооцож үзвэл дундаж наслалт 120-150 жил байж болох юм гэж судлаачид үздэг ч бодит байдал дээр дэлхийн хүмүүс дунджаар 70 л насалж байгаа. Хятадын уламжлалт анагаах ухааны “Хаадын судар” хэмээх онолын тольд “Тэнгэрийн насыг элээж дуусгахад зуун жилийг туулж өнгөрнө” гэж хүн 100-гаас дээш наслах ёстойг тодорхой хэлсэн байна. Өөр нэгэн эртний сударт хүн 120 насалж байвал хэвийнд тооцох, эс хүрвээс зуурдаар нас барсан гэж үзэх учиртай тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Одоогоор дунджаар 82 насалдгаараа япон хүмүүс өндөр насалдаг үндэстнүүдийн жагсаалтыг тэргүүлж байгаа. Харин манай гарагийн Окинава, Сицил зэрэгт урт настан илүү олон байдаг гэнэ. Эдгээр урт наслагчдын дунд явуулсан тандалтаар тэндэхийнхэн хэзээ ч ганцаарддаггүй, туйлын өөдрөг үзэлтнүүд байж. Түүнчлэн голдуу хүнсний ногоогоор хооллож, загас их хэрэглэхийн дээр хоолоо бараг хэтрүүлдэггүй амьдралын хэвшилтэй байсан байна. Нийтлэг жишгээр, өнөөгийн хүмүүст 40 нас хүрэхэд л арьсанд үрчлээ үүсэх, булчин сулрах, хараа болон ой тогтоолт муудах, тэр ч байтугай үс цайх, шүд унах зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүд тод илэрдэг. Эрчимтэй хөдөлгөөн, хоолны дэглэм гээд хөгшрөлтийн эсрэг олон арга барил, хэвшлийг судлаачид санал болгодог ч тэр бүр хэрэгжүүлэхэд амаргүй байдаг. Үнэндээ, зарим хүн хорио цээр бүгдийг “эвддэг” атлаа урт насалдаг л шүү дээ. Эмэгтэйчүүдийн дундаас албан ёсоор урт насны рекорд тогтоосон Жанна Кальмент гэгч үүний тод жишээ. 122 насалж, 1997 оны наймдугаар сард нас барсан тэрээр тамхичин, дээрээс нь амьдралын хэвшлийн хувьд тийм ч сайнгүй эмэгтэй байсан гэдэг. Тамхинаас гэхэд л нас барахаасаа ердөө гуравхан жилийн өмнө гарсан байдаг. Харин сүүлийн туршилтуудаар хөгшрөлт төсөөллөөс ихээхэн хамааралтайг судлаачид онцолж байна. Биеийн бүх процессыг удирддаг тархи гэдэг эрхтэн хийж чадах зүйлээ бодлоор дамжуулан танд мэдээлж байдаг. Ямар ч хүн урт наслахыг хүсдэг шүү дээ. Угтаа энэ нь тийм хэмжээний наслах боломж, чадвартай байгааг тархи нь “эзэндээ” илтгэж буй хэрэг. Харамсалтай нь баян ядуу, өвчтэй эрүүл, дарга цэрэг хэн ч ялгаагүй нэг л зүйлд битүүхэн шаналж, үүнийгээ тархиндаа байн байн сануулж байдаг гэнэ. Энэ бол мэдээж “Би санаснаасаа эрт үхчих вий” гэсэн айдас. Эрт үхэх вий, өвчин тусчих вий гэхчлэн хүсээгүй бодлоо байн байн тархиндаа сануулаад байвал мөн тийм л үр дүнг та үзэх болно. Үүний оронд, би 100 давж насална, тэдэн насан дээрээ түүнийг хийнэ гэх мэт төлөвлөгөө төсөөллийг тархиндаа өгч байх хэрэгтэй юм байна. Өөдрөг төсөөлөл амьдралыг тань ч өөдрөг байлгаж, хүссэн насандаа хүртэл амьдарч, зорьсон бүхнээ биелүүлэхэд тусална. Хүмүүс бид нийтлэг жамаас гажсан амьдрал бүтээсэн учраас байгалийн хуулиар хөгшрөлт маань шийдэгдэх аргагүй. Байгалийн хуулийн дагуу амьдардаг адгуусан амьтны хөгшрөлт үр удмаа үлдээж нөхөн төлжих чадвартай наснаас давсан үед эхэлдэг гэж биологичид тайлбарладаг.
|